Хятадууд хүүхэд төрүүлэхээс татгалзаж байна

Хятадууд хүүхэдтэй болохоос татгалзаж байна. Хэдийгээр Коммунист намаас гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн ч хятадууд нэмж хүүхэд гаргах сонирхолгүй байгаа аж. Хятадад төрөлтийг нэмэгдүүлэх дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ зууны төгсгөл гэхэд хүн амын тоо нь 48 хувиар багасч, Нигери улс гүйцэж төрүүлэх хандлагатай байна. Өдгөө Хятадад төрөлт Мао Зедуны үед болсон их өлсгөлөнгийн үеэс ч бага хэмжээнд хүрч буурсан аж. Хятадын хүн ам өссөөр байгаа ч өнгөрсөн таван жилийн тренд ирээдүйн нөхцөл байдлыг тодорхойлжээ. Тухайлбал, 2020 онд 12 сая хүүхэд, 2019 онд 14.65 сая хүүхэд Хятадад мэндэлсэн байна. Хятадын үндэсний статистикийн газраас мэдээлснээр өнгөрсөн 2021 онд тус улсад 10.62 сая хүн төрж, хүн амын тоо 1.4 тэрбум болжээ. Улмаар 1000 хүнд ноогдох төрөлтийн хувь 7.52 байгаа нь анхаарал татахуйц бага юм. Үүний зэрэгцээ Хятадад нас баралт нь төрөлтөөс арай бага байна. Тодруулбал, өнгөрсөн онд тус улсын 10.1 сая иргэн нас баржээ.

Геополитикт хэмжээ чухал. Тиймээс Хятадын хүн амын өсөлт саарч байгаад барууныхан баяртай байна. Гэхдээ үүнийг өөрчлөх төлөвлөгөө Бээжинд бий.

Дэлхийн эдийн засаг, гадаад харилцааны институтийн орлогч дарга Александр Ломановын тайлбарлахдаа, “Өмнө нь Хятадад өрхийн амьжиргаа хэтэрхий хүнд байсан учраас төрөлт буурч байсан бол өдгөө амьдрал сайжирсан учраас хүмүүс хүүхэдтэй болох хүсэлгүй байна. Энэ бол гайхалтай логик зөрчилдөөн. Амьдрал сайжрахын хэрээр хүмүүсийн нөхөн үржихүй нэмэгдэнэ гэх барууныхны үзлийг буруу гэдгийг Хятад дахин нотолж байна” гэжээ.

Жилийн өмнө Хятадын Ардын их сургуулийн социологич хүн амын өсөлт буурч байгааг цар тахалтай холбон тайлбарлаж байсан. Цар тахал төрөлтөд нөлөөлсөн ч Хятадад төрөлт буурч байгаад нэмэлт хүчин зүйл болохоос гол шалтгаан нь биш.

“НЭГ ХҮҮХЭД” БОДЛОГЫГ ХЭТЭРХИЙ ОРОЙТОЖ ӨӨРЧИЛСӨН

Хятадын Коммунист намын 1979 онд баталсан “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого нь өнөөдрийн хүн ам зүйн хямралын гол шалтгаануудын нэг гэж үздэг. Тухайн үед ядуу буурай Хятадад төрөлт маш их байснаас /нэг эмэгтэй дунджаар зургаан хүүхэд төрүүлдэг байв/ дээрх бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан. Хятадад өсөлт тэр чигээрээ үргэлжилсэн бол хүн бүхэнд ус, газар зэрэг бусад эх үүсвэрүүд хүрэлцэхгүй хэмжээнд хүрэх байв. Бодлогын дагуу Хятадын гэр бүлүүд нэгээс илүү хүүхэдтэй бол 4-8 сарын цалингийн хэмжээгээр торгууль төлөх, ажлаасаа халагдах зэргээр хатуу зохицуулалттай байв. Тухайлбал, 2014 онд алдартай найруулагч Жан Имоу гэр бүлээс гадуур, зөвшөөрөлгүйгээр гурван хүүхэдтэй болсноос 1.2 сая ам.долларын торгууль төлж, олон нийтээс уучлалт гуйж байв.

Зарим барууны хэвлэлд мэдээлснээр хоёр дахиа жирэмсэлсэн эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндүүлэх, үрийн сувгийг нь боох зэрэг арга хэмжээ авдаг байжээ. Гэхдээ хүүхдийн тоо бүс нутгаасаа шалтгаалан өөр байсан ба алслагдсан тосгодод эхний хүүхэд нь охин бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг байв. Энэ журам 30 гаруй жил үргэлжилсэн ба энэ хугацаанд Хятадад бүртгэлгүй, бичиг баримтгүй хүмүүсийн тоо ч нэмэгдсэн аж. Мөн гэр бүлийн бүх анхаарал ганц хүүхдэд төвлөрснөөр тэдний зан чанарт нөлөөлж, эцэг эхийн итгэл найдвар, мөрөөдлийг биелүүлэх дарамт үүрэх, өтөл насанд нь эцэг эхээ хайхрахгүй хаях зэрэг асуудлуудыг дагуулах болжээ. Тухайлбал, Хятадад иргэдийн амьжиргаа дээшилснээр эцэг эхчүүд хүүхдээ шилдэг нь байлгахын тулд 12 цагийн турш хичээлээр шахаж, хатуу шаардлага тавих болсон байв. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж, 10-11 насны ихэнх хүүхдийн хараа нь муудсан байна.

Ганц хүүхэд бодлого хэрэгжсэн сүүлийн 36 жилд Хятадын хүн амын өсөлт 400 саяар хязгаарлагдсан байв. Бээжин нь нэг хүүхдийн бодлогын алдааг 2016 онд анзаарч, хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. Гэсэн ч томоохон хотуудад амьдардаг 10 гэр бүл тутмын зөвхөн нэг нь л хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Хятадын Коммунист намын Улс төрийн хорооноос 2021 оны зургадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн баяраар гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлж болохыг зарласан. Энэхүү өөрчлөлт нь урт хугацаандаа төрөлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болохыг Хятадын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны шинжээч тайлбарлажээ.

ХҮҮХЭД ӨСГӨХ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ

ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Дорно дахины судалгааны сургуулийн захирал Андрей Карнеевын хэлэхдээ “Хятадын хүн амын өсөлт буурч буйн шалтгааныг тайлбарлахдаа ганц хүүхдийн бодлогоос эсвэл орчин үеийн амьдралын хэв маягаас болсон гэж маргадаг. Гэхдээ илүү нөлөөлсөн хүчин зүйл нь хотжилт. Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайван зэрэг хөгжингүй орнуудад ч төрөлт буурч байгаа нь ажиглагдаж байна” гэж ярьжээ. Хятадын хотжилтын түвшин хүн амын 60 хувьд хүрсэн ба энэ үзүүлэлт өссөөр байна.

Том хотууд өөрийн гэсэн дүрэмтэй бөгөөд шинэ үеийнхний үнэт зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, хүмүүс оройтож гэрлэж, маш их ажиллаж, хүүхэд төрүүлэхийн оронд амьтан тэжээх, аялахыг илүүд үзэх болсон. Орчин үеийн чиг хандлага гэр бүлээс хувь хүнд чиглэж, үр хүүхдийнхээ төлөө гэхээс илүү өөрийн сайн сайхан, хүсэл зорилгын төлөө амьдрах хэв маяг тренд болж байна.

Түүнчлэн Хятадын нийгэм хэтэрхий хурдан хөрөнгөжиж байгаа нь ч асуудал дагуулж байна. Үүний улмаас үр хүүхдэдээ чанартай, сайн амьдрал өгөх ёстой гэсэн дарамт нь төрөлтийг хязгаарлах нэг хүчин зүйл болж байгаа аж. “Profile” сэтгүүлийн явуулсан судалгаагаар Хятадын залуу хосуудын олох нь хүүхэд өсгөх зардлыг дийлэхгүй, хэтэрхий үнэтэй гэж хариулжээ. Хүүхэдтэй болох тухай ярихад хамгийн түрүүнд тэдний боловсролд хэр их мөнгө зарцуулах тухай боддог ба энэ нь дарамт болдог гэсэн аж. Боловсролыг Азийн орнууд өндрөөр үнэлдэг, тэр дундаа Хятадад бүх хязгаарт нь тулгаж авч үздэг. Тухайлбал, Бээжин, Шанхайд сургуулийн өмнөх боловсролын чанартай газрууд сард 2000-2500 ам.долларын өртөгтэй байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published.