Х.НЯМБААТАР: ЗАМЫН-ҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙГАА 7000 ЖОЛООЧИЙН ОРОНД 200 МЭРГЭШСЭН ЖОЛООЧ АХЛАГЧ НАР ТЭЭВЭР ХИЙНЭ…

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2022. 01.10/ мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг намын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжлээ. 

Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл хийсэн. 

Нэгдүгээрт, хоёр хөрш болон Казахстан улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Тус улсад байгаа манай улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй эсэхийг анхаарахыг Консулын газарт даалгасан. 

Хоёрдугаарт улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед үнийн өсөлт нэмэгдэж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж Засгийн газар үзэж байгаа. 

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байгаа учир Засгийг газар судалгаа тооцоо хийж байна. Мөн хил гааль дээр анхаарч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарах чиглэлээр ярилцлаа” гэв. 

Энэ үеэр Хуульзүйн сайд Х.Нямбаатар “Өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотын гаалын хашаанд Тянжин болон бусад газруудаас ирсэн манайх руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. 
Эрээний хашаанаас “Сино транс” ХХК хятад дотроо тээвэрлэлт хийх эрхээ авсан юм билээ. 

“Сино транс” ХХК тэндээс 0 цэг дээр авчирч өгнө. Үүнээс цаашаагаа манай 7000 орчим жолооч татаж авъя гэж байгаа. Гэхдээ хятадын тал нэг зүйл хэлж байгаа. Танайх бүх жолооч нараа халдвар хамгааллын дэглэм сахиулж чадвал бид 0 цэг дээр барааг чинь авчирч өгье гэж байгаа. 

Гэтэл энэ ямар ч боломжгүй. Сая Эрээний хил дээр олон монгол жолооч цаашаа ковид тараасан гээд тээвэрлэлт хүндэрч байгаа. Тиймээс Засгийн газраас 0 цэгээс цаашаа үнэ төлбөргүй төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын жолооч тусгай албан хаагчид эндээс очиж чингэлэг тээврийг дамжуулж ачаад Замын-Үүд хотод очиж буулгая.

 Замын-Үүдээс Улаанбаатар хотруугаа 7000 жолооч үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөцгөө. Энэ ажил маргаашнаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, бид 7000 хүний халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадахгүйгээс хойш  өөрсдөө 200 хүнийг хоёр ээлжээр зуу, зуугаар нь 14 хоногт ажиллуулахаар төлөвлөж байна. 

100 цэрэг биш. Энд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлахаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг сая ярьсан зохион байгуулалтанд оруулж ажиллуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.