Навальный: Би Путинээс, шоронгоос айхгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины засгийн газрын хамгийн хүчтэй өрсөлдөгч Алексей Навальныйг хөрөнгө шамшигдуулсан, шүүхийг үл хүндэтгэсэн гэсэн үндэслэлээр шүүх хурал өнгөрсөн Мягмар гаригт болсон. Түүний хорих ялыг 15 жилээр сунгаж магадгүй байна.

В.Путин Украины асуудлаар барууныхантай сөргөлдөж буй энэ цаг үед зориуд олны анхаарлыг өөр тийш хандуулахаар уг шүүх хурлыг төлөвлөсөн гэж Навальныйн дэмжигчид үзэж байна. Шүүх хурал Москвагаас зайдуу орших шоронд болсон бөгөөд түүний ялын хугацаа ирэх онд дуусах юм. Навальный ерөнхийлөгч Путиныг аюулгүй байдлын байгууллагуудад хандан өөрийг нь хөнөөх тушаал өгсөн гэж буруутгасан. Кремль үүнийг үгүйсгэсэн байр суурьтай байна.

Навальный шүүх хуралд шоронгийн дүрэмт хувцастай оролцсон бөгөөд илт турсан харагджээ. Тэрбээр шүүх хурлыг зориуд Москвагаас зайдуу байрлалтай шоронд зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхний анхаарлаас холдуулсан, өмгөөлөгчдийнх нь ажилд саад учруулсан гэж хэлжээ. Учир нь түүний өмгөөлөгчдийг хэргийн материалыг хадгалсан зөөврийн компьютерээ шүүх хурал руу авч орохыг хориглосон байна. “Би энэ шүүх хурал, шорон, Холбооны аюулгүй байдлын алба, прокурорууд, химийн зэвсэг, Путин гээд ер нь юунаас ч айхгүй байна” гэж тэр хэлжээ.

Шүүхийн нэхэмжлэлд “Навальный болон түүний хамтрагчдыг хүмүүсийн хандивыг шамшигдуулах зорилгоор авлигатай тэмцэх сан байгуулсан гэж буруутгасан. Навальный эдгээр хандивыг цуглуулахын тулд төрийн янз бүрийн түвшний албан тушаалтнуудыг авлига авсан гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн” гэж дурдсан байна. Цаашилбал, Навальный ийм зорилгоор 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг оролдсон гэжээ. Шүүх хурлыг ирэх Даваа гаригт үргэлжлүүлэхээр товлосон байна.

https://youtube.com/watch?v=nrqWQB2bm_0%3Ffeature%3Doembed

Leave a Reply

Your email address will not be published.