- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
- Сурталчилгаа -

Цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Болорсофт компанийн программ хангамжийн архитектор С.Бадралтай ярилцлаа.

-Юуны өмнө “Чимэгэ” системийг зах зээлд танилцуулснаар Монголын мэдээлэл технологийн салбар, тэр дундаа хиймэл оюун ухааны салбарт цоо шинэ хаалгыг нээж өгсөн танай хамт олонд байр хүргэмээр байна. Та хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү системийн талаар товчхон ойлголтыг өгөхгүй юу?

-За баярлалаа. Товчхондоо, “Чимэгэ” систем бол “яриаг-бичвэр”, “бичвэрийг-яриа” болгодог технологи юм. Манай компани 2019 оны зургадугаар сард “Чимэгэ” систем дээр нэг жилийн хугацаанд хөгжүүлэлт хийсний эцэст туршилтын хувилбарыг танилцуулсан. Харин энэ оны есдүгээр сарын 22-нд эцсийн хувилбар буюу бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд танилцууллаа. Энэхүү системийн тусламжтай аливаа дэвшилтэт технологи, тэр дундаа хиймэл оюун ухаанд суурилсан робот гэдэг ч юм уу компьютер-хүн хоорондын харилцааг сайжруулж, хоорондоо чөлөөтэй харьцах боломжийг олгох юм.

Ерөнхийдөө дараа дараагийн дэвшилтэт технологийн ашиглахын тулд эхлээд заавал энэ “Speech Recognition” буюу яриаг-бичвэр болгодог системийг зайлшгүй хийх ёстой. Өөрийн эх хэлний “Speech Recognition” системийг хийж чадаагүй улс орнууд дэвшилтэт технологийг хэрэглэх болон хөгжүүлэх боломжгүй, түгжээтэй байдаг. Харин үүнийг хийж чадсан орнууд бол технологийн түгжээгээ тайллаа гэж зарлаж байна. Тэгэхээр бид ямар ч байсан “Чимэгэ” систем нь Монголын технологийн хөгжлийн гацааг гаргаж, түгжээг мулталлаа гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл одоо бидэнд робот болон бусад төхөөрөмжүүдтэй монгол хэлээрээ чөлөөтэй харилцах боломж  нээгдсэн гэсэн үг.

-“Чимэгэ” системийн туршилтын хувилбар монгол хэлийг 86 хувийн нарийвчлалтай таньж байсан. Харин эцсийн хувилбар дээр интерфейсээс авахуулаад сүүлийн нэг жилийн хугацаанд маш их зүйл нэмж хийсэн нь анзаарагдаж байна. Хүмүүсийн хамгийн сайн мэддэгээр “Siri”, “Google Voice Search” гэдэг ч юм уу ижил төстэй технологиудтай харьцуулахад танай систем ямар төвшинд хүрсэн бэ?

-Ижил төвшинд хүрлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд таны хэлдгээр интерфейсээс өгсүүлээд маш их сайжруулалтууд хийсэн. Энэ бүгдээс бидний хувьд хамгийн том амжилт бол тухайн үгийг зөв таних буюу монгол хэлний нарийвчлалыг 97 хувь хүртэл сайжруулсан явдал юм. Энэ бол цөөн хүн ярьдаг нөөц бага хэлний хувьд олон хүн ярьдаг их нөөцтэй англи, хятад зэрэг хэлний төвшинд хүрч чадсан анхны амжилт. Тийм ч учраас бид энэхүү системээ зах зээлд танилцуулах нь зүйтэй гэж үзээд, нээлтээ хийсэн.

-Хэдий “Чимэгэ”-г эцсийн хувилбараар зах зээлд танилцуулагдаж “App Store” болон “Play Store” дээр байршаад хэдхэн хонож байгаа ч хэрэглэгчдийн хандлага ямар байна вэ?

-Ямартай ч нээлтээ хийснээс хоёр өдрийн дараах байдлаар “Chimege Keyboard” аппликейшн Монголын “App Store” дээр татаж авсан тоогоороо тэргүүлж байна. Харин “Chimege Reader”-ийн хувьд 4-т явна. Мөн тус технологийг ашиглаж бүтээсэн “Чимэгэ” интро апп, Тунгаамал толь апп эхний 10-т ороод иржээ. Эндээс хүмүүс сайн хүлээж авч байна гэж ойлгож болохоос гадна манай систем хүмүүст ямар хэрэгтэй, чухал байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

-Монгол Улс олон үндэстэн, ястнуудаас бүрддэг. Тэр утгаараа нутаг бүрд өөр, өөр аялгаар ярьдаг. Тэгвэл “Чимэгэ” систем тэрхүү монгол хэлний өвөрмөц аялгуудыг нарийн ялгаж чадах уу. Та бүхэн хэр хэмжээний аудио өгөгдөл дээр “Deep Learning” хийсэн бэ. Мөн та “Deep Learning” гэж юу вэ. Ер нь ямар компанийг хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компани гэж үзэж болох талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Ямар компанийг хиймэл оюун ухааны буюу “AI” компани гэх вэ гэхээр өгөгдлөө өөрсдөө цуглуулдаг, тэрийгээ өөрсдөө бүтэцлэдэг, боловсруулдаг, моделио өөрсдөө зохиодог, зохиосон моделио сургадаг, тэрийгээ сайжруулаад цааш нь хөгжүүлээд явдаг компанийг хэлдэг.

Бид нэг жил гаруй хугацаанд олон мянган хоолойн өгөгдөл цуглуулсан. Энэ дотор төв халх аялга дийлэнх хувийг эзэлж байгаа.  Бид энэ үндсэн хөгжүүлэлт дээрээ ажилласаар байгаа. Ямартай ч бид нар дуу хоолойг таниад текст болгодог, текстээ буцаагаад дуу авиа болгодог технологио бүтээчихлээ. Тэгэхээр өгөгдлийг хиймэл оюунд сургах буюу “Deep Learning”-ийн тухайд яг одоо дэлхий дээр хамгийн хүчээ аван хөгжиж байгаа хиймэл оюуны нэг салбар. Товчхондоо, хүний тархийг хэрхэн дуурайлгаж программчлах вэ гэж л зорьж байгаа шинжлэх ухаан юм. Манай “Deep Learning” моделийн хувьд “Google”, “Facebook”-ын моделиудтай харьцуулахад бараг 100 дахин жижиг болов ч хамаагүй илүү үр бүтээмжтэй ажиллаж байгаа. Энэ ч утгаараа зардлыг ихээхэн бууруулж байгаа. Энэ бол туршилтын загвараа танилцуулснаас хойш сүүлийн нэг жилийн хугацаанд хийж чадсан бидний хоёр дахь том амжилт юм.

-“Чимэгэ” бол суурь технологи. Тиймээс энэхүү технологийг цаашид өргөн хүрээнд тодорхой ямар бизнесийн үйлчилгээ, бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой вэ?

-Түрүүн өөрийн тань хэлсэнчлэн “Чимэгэ” нь суурь технологи гэдэг утгаараа Монголын технологийн салбарт цоо шинэ үүд хаалгыг нээгээд орхилоо. Мөн одоогоор ямар хүчин чадалтай байгаа вэ гэдгийг мөн дурдлаа. Харин одоо үүнийг ашиглаад цаашид юу хийж болох вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Тэр бол тухайн бизнес, тухайн салбарын хүмүүсийн юу хүсэж байгаа, тэдний толгойноос ямар шинэ санаа гарах вэ гэдгээс шалтгаална. Ерөнхийдөө “Чимэгэ” системийн тусламжтай бүх салбарт инноваци хийх боломж нээлттэй. Бидний хувьд энэхүү технологийг ашиглаад монгол хэл дээрээ “Personal Assistant” хөгжүүлж эхлээд байгаа. Ерөнхийдөө бол монгол “Siri” гэсэн үг шүү дээ. Харин бусад бизнесийн байгууллагуудын хувьд “Call Center” дээрээ виртуал оператор зэргийг хөгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүний хийдэг ажлыг роботоор хийлгэх боломжтой болж байна гэсэн үг. Ингэснээр компаниудын хувьд үйл ажиллагааны зардлаа бууруулж, бүтээмжээ өсгөж, чанараа сайжруулах давуу талтай болж байна. Жишээ нь, та сэтгүүлч хүн болохоор нэг цагийн ярилцлагыг текст болгож буулгахад ямар их цаг ордог гэдгийг сайн мэдэх байх. Нэг цагийн бичлэгийг та хамгийн хурдандаа 4-5 цагт буулгадаг бол Чимэгэ ердөө дөрвөн минутын дотор текст болгож чадна. Чимэгэ бичээчийг жишээ нь хууль, эрүүл мэнд, боловсрол, сэтгүүл зүй, бизнесийн гээд хаа сайгүй бүхий л салбарт ашиглах боломжтой.

-Хиймэл оюун ухаан гэхээр зарим хүмүүс бага зэрэг айдастай хүлээж авдаг. Тиймээс бид “Чимэгэ” системээс гарч болох сөрөг үр дагавар, магадгүй эрсдэлүүдийн талаар заавал ярих ёстой байх. Би уг нь хувьдаа технологийг улс төртэй хутгахыг огт хүсдэггүй. Гэхдээ өмнөх сонгуулиудын үеэр хуурамч бичлэг гэх мэт зүйлс гарсан шүү дээ. Танай технологийг ингэж буруу талаар ашиглах боломж, эрсдэл хэр өндөр вэ?

-Ер нь боломжгүй. Яагаад гэхээр “Чимэгэ” систем одоогоор дөрвөн хоолойтой байгаа. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүний хоолой. Энэ хоолойнууд бол тэртээ тэргүй бүх монголчуудад танил болчихсон. Тэгэхээр үүн дээр яг тийм “Deep Fake” хийх боломж байхгүй.

Сэтгүүл зүй, телевиз, медиа салбарынхантай уулзаж байхад нэвтрүүлэгч Чулуунбат гуай ч юм уу Нарантуяа гуайн хоолойг авч үлдэх хэрэгтэй гэх зүйлийг их хэлдэг. Яг энэ дээр хамтарч ажиллая гэдэг саналыг хүртэл МҮОНРТ-ээс бидэнд тавьж байсан. Энэ бол харин боломжтой. Гэхдээ бид өндөр ёс суртахуунтай байж, хатуу гэрээгээр зөвхөн хоолойн эзэнд тийм үйлчилгээ үзүүлэх болно. Зарим сайхан хоолой мөнх үлдэхэд буруу зүйл байхгүй байх.

-Энэ бүх өндөр технологийг монгол залуус 100 хувь өөрсдийн нөөц бололцоогоор хийсээр өдий хүрсэн. Мэдээж та бүхэн энд ирэхийн тулд маш их цаг, хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан нь гарцаагүй. Тэгвэл Монголын мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбар цааш хөгжихөд ямар саад бэрхшээл байна гэж та хардаг вэ. Миний хувьд технологийн салбарт төрийн дэмжлэг, бодлого, зохицуулалт дутагдахаас гадна хөрөнгө оруулалтын орчин хамгийн дутагдалтай гэж ойлгодог?

-Яг зөв. Үнэхээр тийм л байгаа. Нэгд, зөв хөрөнгө оруулалт олох тун хэцүү. Энэ салбарт суурь судалгаа, хөрөнгө их шаарддаг мөртөө үр дүн, өгөөж нь их удаан гардаг. Хөрөнгө оруулагчид хүлээх тэвчээр их багатай. Ер нь л өнөөдөр хэрвээ 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол маргааш нь хоёр зуун сая төгрөг болгочихмоор байна гэдэг. Гэтэл нөгөөдөх нь таван жилийн дараа үр дүн нь гардаг. Жишээ нь, манайх шиг хиймэл оюуны технологи бол удна. Манайх бол өөрсдийн хийсэн суурь судалгаа, нөөц бололцоо дээрээ тулгуурлаад хоёр жилийн дараа үр дүн нь гарна шүү гэдэг танилцуулга хийгээд хөрөнгө оруулалтаа татаад явж байна. Энэ дашрамд хөрөнгө оруулагчдадаа талархаж байгаагаа хэлмээр байна.

Хоёрт, төрийн дэмжлэг, бодлого гээд байх зүйл ерөөсөө бараг алга даа. Хэтэрхий их ярьцгааж, худлаа лоозогнож байна. Инновац, цахим шилжилт, аж үйлдвэрийн IV хувьсгал гээд яриад л байдаг. Олон нийтэд бол яг л жигтэйхэн дэмжиж байгаа юм шиг тийм мессеж очдог. Яг бодит амьдрал дээр бууж ирэхгүй байна гэх гээд байгаа юм. Бодлого гаргаж байгаа хүмүүсийн мэдлэг боловсрол ногоон нойл болчихоод байна.

Гуравт, Монголын технологийн салбарт тулгарч байгаа хамгийн том асуудал бол боловсролын салбарын уналттай шууд холбоотой. Нэг ёсондоо сургуулиуд чадвартай, сайн хүүхдүүдийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхгүй байна. Мэдээллийн технологийн салбарт инженерийн боловсон хүчин дутагдаж байна. Олон нийтийн техник, технологийн боловсрол шалан дээр байна.

Processed with VSCO with hb1 preset

-Мэдээж төрийн зүгээс бодлого боловсруулахдаа технологийн компаниудын саналыг сонсож байх нь чухал гэж бодож байна. Харин сүүлийн үед Өвөр Монголд өрнөж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор асуухад “Чимэгэ” систем монгол хэлний дархлааг цахим орчинд хангах тэр эхлэл байж чадах уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүх хэрэглээ цахим орчинд шилжчихсэн байна. Тус орчинд хэл, бичгийн асуудлаа цаг алдахгүй шийдэж, цааш авч явах нь цаасан дээр монгол бичгээр бичихтэй харьцуулшгүй чухал юм. Бид нээлт дээрээ монгол бичгийн тунгаамал толио танилцууллаа. Кирилл бичгийнхээ нэг адил монгол бичгээ байнга авч явж буй. Гол нь хамгийн суурь кодчиллын асуудлаа ар, өвөр монгол аль аль нь шийдээгүй болохоор бид өөрсдийн зохиосон тунгаамал загвараа бариад явж буй.

Ямар ч гэсэн одоо кирилл монгол бичгийн хооронд чөлөөтэй хөрвөх боломжтой болсон. Тиймээс бодлого гаргахад Монгол бичгээс айж, хойш суух ямар ч шаардлагагүй болсон. Техник технологийн суурийг нь Болорсофт хангалттай тавиад өглөө.

-Залуустаа хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

Аливаа зүйлийг сурч, судлахдаа хамгийн хялбар замыг биш хамгийн хүнд хэцүү замыг сонгож байгаарай. Тэгвэл та илүү их зүйлийг ул суурьтай сурч чадна. Харин хийж бүтээхдээ хялбар замыг сонгох нь зүйтэй.

-Өөр илүү зүйлсийн талаар ярилцмаар байгаа боловч энэ хүргээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсан танд баярлалаа. Танай хамт олны цаашдын хөдөлмөрт амжилт хүсье.

-Баярлалаа.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here